
Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ) хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохиогдох 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 9-р сарын 18-23-нд Улаанбаатар хотноо болно.
Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой уг наадмын хүрээнд “Монгол кино уралдаан”-ыг зарлаж байна.
Тус уралдаанд уран сайхны кино хүлээн авах ба уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-т олон нийтэд толилуулах бүтээлүүдийг шалгаруулна. Дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна. Үүнд:
- Шилдэг кино
- Шилдэг найруулга
- Шилдэг гол дүр
- Шилдэг туслах дүр
- Шилдэг зураглаач
- Шилдэг зураач
- Шилдэг зохиол
- Шилдэг хөгжим
- Шилдэг эвлүүлэг
- Шилдэг дууны найруулга
- Шилдэг орлон тоглогч
- Шилдэг нүүр хувиргагч
2023 оноос эхлэн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Монгол кино уралдаан”-ы “Шилдэг кино” төрөлд түрүүлсэн бүтээл АНУ-ын Кино академийн буюу Оскарын наадмын “Гадаад хэлээрх шилдэг кино” төрөлд нэр дэвшихэд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх эрх авахаар болж байна. Үүнтэй холбогдуулан уг төрөлд нэр дэвших киног хүлээн авахдаа АНУ-ын Кино академийн тавьдаг үндсэн шаардлагуудад нийцсэн бүтээл байх шаардлага үүслээ. Иймд, “Улаанбаатар” ОУКН-ын “Монгол кино уралдаан”-ы “Шилдэг кино” төрөлд өрсөлдөх бүтээлүүд дараах шаардлагуудыг хангасан байна.
- АНУ болон харьяа нутаг дэвсгэрүүдээс нь гадна хийгдсэн, 40 минутаас дээш урттай бүтээл байх
- Харилцан ярианы 50-иас дээш хувь нь англиас өөр хэл буюу монгол хэлээр байх
- Монголд 2023 оны 1-р сарын 1-нээс хойш нээлтээ хийсэн байх
- Кино театрт дор хаяж долоон өдөр дараалан, ашгийн зорилгоор толилуулагдсан байх (Фестивалийн үзвэр үүнд хамаарахгүй)
- Кинотеатрт гарахаар бусдаар олон нийтэд түгээгдсэн, толилуулагдсан бүтээл байж болохгүй (Өргөн нэвтрүүлгийн болон кабелийн сувгаар, IPTV, PPV/VOD хэлбэрийн үйлчилгээгээр, DVD-ээр, нислэгийн үзвэрт г.м.)
- Кино бүтээх үйл явцад монгол хүмүүс голлох үүрэгтэй оролцсон байх
- Англи хэлээрх хадмалтай байх
- Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
- 2022 оны 8-р сарын 20-ноос 2023 оны 8-р сарын 20-ны дотор бүтээгдсэн байх
- Англи хэлээрх хадмалтай байх
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2023 оны 9-р сарын 5-нд зарлана.
- Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2023 оны 8-р сарын 20-ны дотор илгээнэ.
- Киноны 1 хувь (DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд авчирч өгнө)
- Өргөдлийн маягтыг 2023 оны 8-р сарын 20-ны дотор илгээх ба кино бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж, “Дельта” төвийн 4-р давхар, 402 тоот) дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.
- Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Монголын урлагийн зөвлөл ТББ
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж,
Дельта төвийн 4 давхар, 402 тоот
Утас: 319017, 319015