skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn

“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 13 дахь жилдээ 2021 оны 10-р сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2021 оны 10-р сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн.

2021 оны кино наадмын хөтөлбөрт Нээлтийн киноны уралдаан, Монгол киноны уралдаант хэсэг, Онцлох Орон ОХУ-ын үзвэр, Олон улсын кино үзвэр ба “Үзэхийн хязгаар” Ази киноны үзвэр хэсгүүд багтсан. Наадмын хүрээнд 2020-2021 онд бүтээгдсэн Монгол, Орос, Франц, Герман, Иран, Малайз, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 12 улсын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг бэхжүүлэх сургалтыг тус тус зохион байгуулна.

Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын хүрээнд 2021 оны 10-р сарын 18-24-ны өдрүүдэд гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна уу.

Мөн “Улаанбаатар” олон улсын кино наадам нь Локарно олон улсын кино наадмын “Нээлттэй Хаалга” хөтөлбөр, Соёлын Яамтай хамтран “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”-ыг 2021 оны 10-р сарын 17,18,19, 21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Бүсийн кино салбарын мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг өрнүүлж, чадавхыг бэхжүүлэх боломжийг бүү алдаарай.

Бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff  хуудаснаас авна уу.

 

Back To Top